Tuesday, December 20, 2016

Гэрийн чимэглэлийн гоё дэлгүүрүүд

Гэрийн чимэглэлийн гоё дэлгүүрүүд



Ганцхан тансаг чимэглэлийг тохирсон газарт нь тавьчихвал гэрийн таатай уур амьсгалд хүч нэмэх шиг л болдог. Гоолингоо нь “Гэрээ чимэглэх” долоо хоногоороо хамгийн аз жаргалтай, тайван байж болох орон зайгаа чимэх өвөрмөц, тансаг загварын декор, сувинер авахаар зэхэж буй хүн бүрт зориулж хотын хамгийн гоё дэлгүүрүүдийг танилцуулж байна. Мөрөөдлийн гэрээ бүрдүүлэхэд чинь туслая.





1. 1.“Cozy nomads” home decor & restaurant
Цэцгийн гоёмсог ваарнууд, зургийн жааз, аяга гүцний хослол, лааны суурь, төрөл бүрийн хэлбэр загварын сувинер гээд бүхий л төрлийн гэрийн гоёо энд байна лээ. Давтагдашгүй, тансаг хийц загварыг гэртээ шигтгэж өгөхийг хүсвэл ийшээ ороод гарахад гэмгүй шүү. Надад хамгийн их таалагдсан нь усан онгоцон сувинер.
Цагийн хуваарь:
Зун: 11.00-24.00
Өвөл: 11.00-23.00
Хаяг: ХУД, Зайсангийн гудамж-52, Сарнайх супер маркетийн баруун талд
Утас: (+976) 11 - 3440012.
2. 2. “Viva shop”
“Хотын хамгийн гоё сувинерийн дэлгүүр” гэж өөрсдийгөө тунхагласан энэ дэлгүүр гэрийн чимэглэл, оффис гоёл, Европ сувинерээр төрөлжсөн. Хараа булаам глобус, пянз тоглуулагч, ханын цаг, лондон сувинер, лааны болор суурь, мөнгөн таваг, хос шувуу, зааны сувинер гээд л тоочоод байвал гэрийн декорын олон төрлөөс худалдаалдаг. Гэртээ Европын тансаг соёлыг шингээхийг хүсч байгаа хүмүүст гарцаагүй таалагдана. 20-р зууны үеийг мэдрүүлэм пянз тоглуулагчан сувинер нүдэнд их туссан шүү. Хаяг: 1-р салбар БЗД, Скай худалдааны төв, 2 давхар
2-р салбар Улаанбаатар их дэлгүүр, Энхтайваны өргөн чөлөө, 4 давхар
3. 3. “Donna Home decoration” Нэг ороод гарсан хүний хорхойг хүргэм бараатай, үнэхээр сонголт сайтай дэлгүүр. Өвөрмөц, чамин хийцтэй, загварлаг. Гэрт чинь гарцаагүй өнгө нэмэх ханын унжсан цаг, харилцуур, ширээний гэрэл, лааны суурь, цэцгийн ваар, аяга сервантны хослол, алтлаг, мөнгөлөг өнгөтэй төрөл бүрийн сувинерүүд, үнэртүүлэгч, хиймэл цэцгүүд гээд л гэртээ элит орчин бүрдүүлэхийг хүсч байгаа хүний заавал ороод гарах дэлгүүр. Аяга сервантны хослол нь ямар олон төрөлтэй бас загварлаг хийцтэй гэж бодно оо. Надад хамгийн их таалагдсан нь хос зааны сувинер. Би энэ дэлгүүрт хайр зарласан! Хорхой хүргэм байгаа биз?
Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхарт
4.
 4. “Sterling interiors”
Энгийн бус, бусдаас содонг эрхэмлэдэг хүмүүст яг тохирох орчин үелэг, абсурд шийдлийн чимэглэлээр төрөлжсөн дэлгүүр. “Байдаг л нэг” гэж хэн ч хэлэмгүй олон төрлийн сандал, гэрлийн бүрхүүл, дарсны сав, суурин цаг, ханын өлгүүр, тавиур, өвөрмөц хэлбэр, өнгө аясын бүхий л төрлийн чимэглэл, сувинер энд байна лээ. Содон, сонин, сонирхолтой!
Хаяг: Зайсангийн Green Villa-гийн замын эсрэг талд байрлах “Зайсан” төвийн 2 давхар
Даваа – Баасан 11:00-19:00
Бямба – Ням 12:00-18:00

Зул сар








Тун удахгүй буюу 12 сарын 25-нд манайхны хэлж заншсанаар Зул Сарын баяр буюу Крисмас баяр болох нь ээ.
Энэ өдөр хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэлтэй байдаг билээ. Крисмас баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар маш өргөнөөр тэмдэглэдэг байна.





Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй, зарим хүмүүс бүр шинэ жилтэй андуурах нь бий.


Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр, Есүс Христийн мэндэлсэн өдөр байх нь. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.
Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг.



Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.



Христийн дохио
Ромын цаг тооны бичгээр Христийн тооллын өмнөх 336 онд мэндэлсэн ажээ. Энэ өдөр Христийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон нь шашингүйчүүд энэ өдөр баяр тэмдэглэдэг байсантай холбоотой гэж түүхчид үздэг. Мөн Эртний Ромчууд газар тариалангийн тэнгэр Митрасыг энэ өдөр тахьдаг байсан аж. Эрдэмтдийн үзэж буйгаар арванхоёрдугаар сарын дунд үе бол газар тариалан эрхлэгчдийн баяр, ургац хураалтын баяр гэнэ. Эдгээр баярын үеэр хүмүүс хүндэтгэлийн зоог барьж, гэр орноо ногооноор чимэглэж хамтдаа баяраа тэмдэглэн, бэлэг солилцдог байжээ. Эдгээр нь л Крисмасын баярын үндэс болдог. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ.

Бэлэг
Крисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх. Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна. 1900-аад оны үеэс бизнесийн салбарт Крисмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Өнөөдөр үйлдвэрүүд баярын тоглоом чимэглэл, гэрэл болон бусад зүйлсийг үйлдвэрлэх болжээ. Зарим тохиолдолд Крисмасыг Xmas гэж бичдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Грект X нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн байна.


Зул сарыг Сантагүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжилтэй, сайхан сэтгэлт энэ эрхэм харин ямар учиртай вэ?



Санта жинхэнэ үү ?
Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийнхөө төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад /одоо Туркэд байдаг/ амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.

Алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон ажээ.

Шинэ протестантууд эргэлт хийснээр Николасын бэлэг түгээхийг нь таашаагаагүйн улмаас тэрбээр тийм ч удаан сайн үйлс хийж чадаагүй ч, ажлаа бүрмөсөн орхисонгүй. Католик сүмийн хүрээнд нууцаар бэлгээ түгээдэг байжээ. Түүнээс хойш улс бүр өөрийн бэлэг түгээгчтэй болсон гэнэ. Францад Пер Ноил, Англид Гэгээн Крисмас, Германд Вайннахтсмэн, Орост Кристианити/хожим нь “Өвлийн өвгөн” гэж нэрлэсэн/, Голландад СинтеКлас (Санта Клаус гэдэг нэр үүнээс үүсэлтэй) нар бэлэг түгээх “алба хашиж” байжээ. Эдгээр Сантануудын хувцас нь солонгын өнгийг бүрдүүлдэг ч зарим нь хар өнгөтэй байх тохиолдол бий. Гэсэн ч урт цагаан сахал, хүүхдүүдэд бэлэг өгөх гэсэн сайхан сэтгэл нь тэднийг холбодог.



Бид Сантагийн түүхийг 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос мэддэг болсон. Үүнээс дөчин жилийн дараа шог зураач Томас Настын жил бүр Малчдын долоо хоногийн үеэр зурдаг зургаас нь Сантагийн гадаад байдлыг төсөөлөх болсон. Түүний зурсан Санта нь махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй. Иргэний дайны үед ерөнхийлөгч Абрахам Линкольн Настаас цэргүүдэд Сантагийн зургийг зурж өгөөч хэмээн хүсч байсан гэдэг. Олон арван түүхчдийн тэмдэглэснээр цэргүүд Сантагийн зургийг харах үед армид эмх замбараагүй байдал үүссэн байна.

Эцэст нь 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх багачуудын хайртай Санта юм.

Дэлхийн хамгийн шилдэг 10 кофе шоп

Дэлхийн хамгийн шилдэг 10 кофе шоп


Кофе уугаад элдвийг бодонгоо тухлан суух сайхан шүү. Манай оронд сүүлийн жилүүдэд амттай кофе уух боломжит олон сайхан газрууд байдаг болсон. Харин дэлхийд амт, чанар, үйлчилгээ, орчноороо гайхагддаг кофе шопууд ямар байдаг бол?







1. Truth coffee
Өмнөд Африкт байрлах энэхүү кафетай адилхан цөөхөн хэдэн л кафе байдаг. Гол онцлог нь энд байрлах кофены машин нь хамгийн өвөрмөц бөгөөд үйлчлүүлэгч нарт өөрсдийн гараар, нүдэн дээр нь ил чанасан кофегоор үйлчилдэг байна.
2. The Coffee Academics
Хонг Конгод байрлах тус кафе нь амт, чанартай кофеноос гадна тун гоёмсог дотоод засалтай. Үйлчлүүлэгч нартайгаа хаан мэт харьцаж, хамгийн сайн чанарын кофены машинтай байна.
3. La Cafeotheque
Парис хотод байрлах бөгөөд гар аргаар кофе найруулдаг газруудын анхдагч юм. Чанартай, сайхан амттай кофетойгоос гадна тэдний үйлчлүүлэгч нартаа зориулж хийдэг жигнэмэг ч мөн амтаараа гайхагддаг.
4. Johan & Nystrom
Стокольм хотод байрлах тус кафе нь өндөр чанартай үрээр кофегоо бэлтгэдэг бөгөөд хамгийн сайхан кофег эрж хайж байдаг хүмүүст зориулагдсан газар юм. Мөн байнга баристагийн сургалт зохион байгуулдаг байна.
5. Department of Caffeine
Маш сайхан амттай кофетойгоос гадна сайхан цайны сонголттой байдаг байна. Мөн дээрээс нь олон төрлийн амттанууд...
6. Single Origin Roasters
Сидней хотод байрлах энэхүү кафед очсоноор сайхан амттай кофе уухаас гадна хүсвэл гэр рүүгээ кофены үр авч явах боломжтой байдаг.
7. Sant Eustachio Il Caffe
Ромын зүрхэнд орших энэ кафед дуртай кофегоо авч уугаад хотыг тольдон суухад үнэхээр сайхан.
8. Workshop Coffee
Хамгийн сайхан, хамгийн цэвэр орчин, шинэ кофегоор үйлчилнэ гэсэн уриатайгаар ажилладаг. Кофегоо чанаж байх үед нь үйлчлүүлэгч нар нь сайхан үнэрийг нь үнэртэж, харж, сонсож суух боломжийг олгодог байна.
9. Double Tall
Шибуяагийн гудмаар алхах замдаа заавал орж үзэх газар бол энэхүү кафе юм. Кофеных нь үр маш сайнаас гадна латтены урлаг нь хамгийн шилдэг нь.
10. Fazıl Bey
1920 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Истанбул дахь хамгийн алдартай кофе шоп юм.

Tuesday, December 13, 2016

Виктория хүрхрээ

 Замбези голын эрэг дээр оршдог Виктория хүрхрээ. Уугуул оршин суугчдын Мози-оа-Тунья буюу нүргэлсэн утаа хэмээн нэрийддэг байсан хүрхрээ Дэвид Ливингстоны ачаар Виктория нэртэй болсон билээ. Тэрбээр 1855 онд энэхүү гайхамшгийг харсан даруйдаа Английн хатан хаан Викториягийн нэрээр нэрлэхээр шийдсэн гэдэг. 
Хүрхрээ 1700 орчим метр өргөн, усны уналтын өндөр 80-108 метр. Энэ нь Ниагара хүрхрээнээс даруй хоёр дахин өндөр төв хэсгээрээ мөн хоёр дахин өргөн. Өндрөөс унаж байгаа усны хөөс 400 метр хүртэл өргөгдөж агаарт манан татдаг. Цэлмэг өдөр 20 км-ийн алсаас бараа нь харагддаг гэнэ.
Борооны улиралд хүрхрээнээс секундэд 9100 куб.метр ус унадаг аж.
 Зимбабве далайд гарцгүй, Замби, Ботсвана, Өмнөд Африк, Мозамбик улсуудаар хүрээлэгдэн оршино.
Зимбабвед дэлхийд алдартай Викториа хүрхрээ (Замбези мөрөн) болон эртний архитектурын дурсгалт газар Их Зимбабве (Энэ газрын нэрээр улсаа нэрлэсэн) байдаг
 Дэлхийн хамгийн том хүрхрээний нэг бол Виктория (Victoria Falls) хүрхрээ юм. 128 метрийн өндрөөс урсах нүсэр их ус нарийхан ангал руу урсан орж, асар хүчтэй урсгалыг үүсгэнэ. Ийнхүү ангал руу урсан орохын өмнө хавцал дээр усан сан мэт усны нөөц бий бөгөөд энэ усанд орсон хэн ч энэ газрыг насан туршдаа мартахгүй. Ингээд дэлхийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээний нэг болох Виктория хүрхрээний гэрэл зургуудыг хүлээн авцгаая.

Бруклины гүүр




 “Бруклины гүүр” нь Манхеттон болон Бруклиныг холбогч гол судас нь бөгөөд 1825 метрийн урттай энэ гүүр Ист-Риверийн дээгүүр татагдсан аж. Гүүрийг анх 1883 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үедээ Нью-Йоркийн гүүр хэмээх нэртэй байсан байна. Харин 1915 оноос эхлэн “Бруклины гүүр” гэж одоогийн нэрээ авсан аж. Гүүрийг зөвхөн зам тээврийн хэрэгсэл хэмээн үзэж болохгүй бөгөөд жуулчны очих ёстой дурсгалт газруудын нэг яах аргагүй мөн. АНУ-ын хамгийн эртний гүүрүүдийн нэг бөгөөд дүүжинг нь ган утсаар хийсэн нь тухайн үеийн дэвшилтэт технологи байсан байна.



 Гүүрний төслийг Жон Реблинг гаргасан боловч тэрээр золгүй явдлаар амь үрэгдсэн учир хүү нь үргэлжлүүлэн барьсан байна. Яагаад ч юм хүү нь бас л амь алджээ. Ингээд нөхөр, хүүгийнхээ үйл хэргийг Эмили Реблинг үргэлжлүүлж гүүрээр гарсан анхны хүн болж байжээ.
 Бруклины гүүрийг хоёр том цамхаг түшиж байдаг бөгөөд цамхаг тус бүрийн өндөр ойролцоогоор 83 метр юм байна. 
 Гүүрний явган хүний зам дээр нутгийн иргэд нь өглөөний дасгал хийж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг байна.
 Зарим тохиолдолд "Бид яагаад энд байна вэ? Яах гэж ирсэн юм бэ?" гэх асуулт бидний толгойд орж ирдэг. Харин Бруклины гүүрэн дээр ирсэн тохиолдолд энэ талаар бодох шаардлагагүйгээр хариулт нь шууд орж ирэх болно.

Фүжи уул

Фүжи уул нь Японы ШизүокаЯманаши аймгуудын нутагт орших идэвхтэй галт уул юм.
Далайн түвшнээс дээш 3,776 м өндөр тус уул нь Японы хамгийн өндөр цэг болно.Фүжи-Хаконэ-Изү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багтаж хамгаалагддаг. Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагддаг тул Япон төдийгүй дэлхийн бусад улсуудад Японы бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан.

Фүжи уулын 8 оргил

Фүжи уул ба Токио
Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.
  • Кэнгаминэ - 3,776 m Японы хамгийн өндөр цэг
  • Хакүсандакэ - 3,756 m
  • Изүгадакэ - 3,740 m
  • Асахидакэ- 3,730 m
  • Сэйчигадакэ - 3,730 m
  • Мишимадакэ - 3,730 m
  • Күсүшидакэ - 3,720 m
  • Комагадакэ - 3,710 m

Фүжи уулан дахь цаг уурын ажиглалтын станц

1880 оноос Фүжи уулын өндөрлөг шинж чанарыг ашиглан цаг уурын ажиглалт явуулж эхэлжээ. Улмаар 1932 онл цаг уурын ажиглалтын станц байгуулагдсан байна. Энэ нь нэг хэсэг дэлхийн хамгийн өндөр цэг дэх цаг уурын ажиглалтын станцад тооцогдож байв. 1964 оны 9 сарын 10-нд радар суурилуулагджээ. Гэвч хиймэл дагуул зэрэг шинжлэх ухаан технологийн дэвшлийн үрээр радарын ажиглалт хийх шаардлагагүй болж, 1999 оноос радар ашиглахыг больж, 2004 оноос хүн ажиллахаа больсон байна.