Тун удахгүй буюу 12 сарын 25-нд манайхны хэлж заншсанаар Зул Сарын баяр буюу Крисмас баяр болох нь ээ.
Энэ өдөр хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэлтэй байдаг билээ. Крисмас баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар маш өргөнөөр тэмдэглэдэг байна.
Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй, зарим хүмүүс бүр шинэ жилтэй андуурах нь бий.
Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр, Есүс Христийн мэндэлсэн өдөр байх нь. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.
Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг.
Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.
Христийн дохио
Ромын цаг тооны бичгээр Христийн тооллын өмнөх 336 онд мэндэлсэн ажээ. Энэ өдөр Христийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон нь шашингүйчүүд энэ өдөр баяр тэмдэглэдэг байсантай холбоотой гэж түүхчид үздэг. Мөн Эртний Ромчууд газар тариалангийн тэнгэр Митрасыг энэ өдөр тахьдаг байсан аж. Эрдэмтдийн үзэж буйгаар арванхоёрдугаар сарын дунд үе бол газар тариалан эрхлэгчдийн баяр, ургац хураалтын баяр гэнэ. Эдгээр баярын үеэр хүмүүс хүндэтгэлийн зоог барьж, гэр орноо ногооноор чимэглэж хамтдаа баяраа тэмдэглэн, бэлэг солилцдог байжээ. Эдгээр нь л Крисмасын баярын үндэс болдог. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ.
Бэлэг
Крисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх. Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна. 1900-аад оны үеэс бизнесийн салбарт Крисмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Өнөөдөр үйлдвэрүүд баярын тоглоом чимэглэл, гэрэл болон бусад зүйлсийг үйлдвэрлэх болжээ. Зарим тохиолдолд Крисмасыг Xmas гэж бичдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Грект X нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн байна.
Зул сарыг Сантагүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжилтэй, сайхан сэтгэлт энэ эрхэм харин ямар учиртай вэ?
Санта жинхэнэ үү ?
Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийнхөө төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад /одоо Туркэд байдаг/ амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.
Алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон ажээ.
Шинэ протестантууд эргэлт хийснээр Николасын бэлэг түгээхийг нь таашаагаагүйн улмаас тэрбээр тийм ч удаан сайн үйлс хийж чадаагүй ч, ажлаа бүрмөсөн орхисонгүй. Католик сүмийн хүрээнд нууцаар бэлгээ түгээдэг байжээ. Түүнээс хойш улс бүр өөрийн бэлэг түгээгчтэй болсон гэнэ. Францад Пер Ноил, Англид Гэгээн Крисмас, Германд Вайннахтсмэн, Орост Кристианити/хожим нь “Өвлийн өвгөн” гэж нэрлэсэн/, Голландад СинтеКлас (Санта Клаус гэдэг нэр үүнээс үүсэлтэй) нар бэлэг түгээх “алба хашиж” байжээ. Эдгээр Сантануудын хувцас нь солонгын өнгийг бүрдүүлдэг ч зарим нь хар өнгөтэй байх тохиолдол бий. Гэсэн ч урт цагаан сахал, хүүхдүүдэд бэлэг өгөх гэсэн сайхан сэтгэл нь тэднийг холбодог.
Бид Сантагийн түүхийг 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос мэддэг болсон. Үүнээс дөчин жилийн дараа шог зураач Томас Настын жил бүр Малчдын долоо хоногийн үеэр зурдаг зургаас нь Сантагийн гадаад байдлыг төсөөлөх болсон. Түүний зурсан Санта нь махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй. Иргэний дайны үед ерөнхийлөгч Абрахам Линкольн Настаас цэргүүдэд Сантагийн зургийг зурж өгөөч хэмээн хүсч байсан гэдэг. Олон арван түүхчдийн тэмдэглэснээр цэргүүд Сантагийн зургийг харах үед армид эмх замбараагүй байдал үүссэн байна.
Эцэст нь 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх багачуудын хайртай Санта юм.
0 comments:
Post a Comment